Fanfics

18. Чухал хүн

14:43, 29 December 2019

Доригын энэ үгэнд ухаан санаа нь балартах шахсан хаан өрөөнд байсан хүмүүсийг орхин шууд л Сүүдрийн ордон руу явлаа.

Гүнжийн өрөөнд ороход тэр яг л унтаж байгаа мэт харагдана. Гэвч түүнийг сэрээх гэж оролдоход огт сэрсэнгүй. Тэр бүү хэл татаж, сэгсэрч есөн шидээр оролдсон ч гүнж огт сэрсэнгүй.

Энэ бүхэн хааны хангалттай их айлгаж байлаа. Тэр гүнжийг энгэртээ наан тэвэрсээр "гуйж байна энэ л биш шүү, сэрээрэй гуйя" хэмээн амандаа бувтнана.

Хэсэг тэгж суугаад ухаан орох мэт "Азэраг дууд" гэж ширүүн хэллээ.

Хааныг ингэж хэлээд удаагүй Азэраг чирсээр орж ирэв.

Хааны нүд улаан өнгөөр гэрэлтэн яг л анх уулзаж байсан шиг нь догшин болсон байх ба "чи түүнийг яасан?" гэж асуухад хоолой нь намуухан боловч илүү айдас төрүүлэм.

Азэрагын нүд нулимстай агаад айж сандарсан янзтай эргэлдсээр "б-би үнэхээр мэдэхгүй байна. Өрөөнийх нь үнэртүүлэгчийг солих гэж орсон. Намайг орж ирэхэд гүнж унтаж байсан шүү дээ. Би түүнийг сэрээхгүй гэсэндээ аль болох чимээгүй ажлаа хийгээд гарсан. Би үнэхээр гүнжид муу зүйл хийгээгүй" хэмээн уйлна.

Дори хөмсөг зангидан "битгий худлаа яриад бай! чамайг ороод л гүнж сэрэхээ байсан биз дээ?"

Азэра "х-хаантаан би үнэхээр юу ч хийгээгүй, гүнж унтаж байсан" хэмээн нулимс нь урсана.

Хаанд дүүгийнх нь ухаангүй байдал болон Азэрагын буруугүй хэмээн уйлах энэ бүхэн аль аль нь үнэхээр хүнд байсан тул ямар шийдвэр гаргахаа үл мэднэ.

Хааны хувьд ертөнц дээрх цор ганц гэр бүл нь болох гүнж, бас ер бусын гэмээр хурдан хугацаанд хааны сонирхлыг татаж чадсан энгийн боловч онцгой бүсгүй. Энэ хоёрыг хоёуланг нь зэрэг хайрлахыг хүсэв ч түүний хүсэл эсрэгээрээ эргэж асуудал гараад байгаа нь түүнийг барьц алдахад хүргэнэ.

Бас тэр шөнө гүнжийн сануулж хэлж байсан бүхэн биелээд байх шиг аймшигтай мэдрэмж хаанд төрөх аж.

Хааныг чимээгүй суух зуур Дори "Гүнж анхнаасаа л түүнийг өөрийнх нь бүх зүйлийг булаах гэж ирсэн хүн гэж хэлж байсан. Тэр л гүнжид муу зүйл хийсэн байж таараа. Түүнийг шийтгэх хэрэгтэй. Захын нэг муу шивэгчин Тэнгэрийн хаант улсын гүнжид халдаж байна гэдэг байж боломгүй асуудал"

Хаан "АМАА ТАТ!" хэмээн ууртай нь аргагүй ориллоо.

Дори "гэхдээ гүнж одоо ч ухаан орохгүй байна. Хэрвээ энэ чигээрээ ухаан орохгүй бол-"

Хаан "амаа тат гэж хэлсэн шүү! гүнж заавал сэргэх болно. Бас асуудал шийдэгдэх хүртэл Азэраг өрөөнд нь хорь. Миний тушаалгүй түүнд ямар нэг шийтгэл өгч болохгүй"

Дори "гэхдээ эрхэм дээдсээ"

Хаан "МИНИЙ ТУШААЛ!" хэмээн чанга хэлэхэд

Дори "мэдлээ эрхэм дээдсээ" хэмээн толгой бөхийгөөд Азэраг аван гарлаа.

Хаан дүүгээ ширтсээр "гуйж байна сэр л дээ, юу болсон тухай ахдаа өөрийн амаар хэлээч дээ, гуйж байна" хэмээн түүнийг тэврэн сууна.

==========================

Гүнж сэргээгүй долоо хонолоо. Амьсгаатай, зүрх нь цохилж байгаа хирнээ огт сэрэхгүй унтсаар. Энэ хугацаанд Тэнгэрийн улсын иргэдийн чихэнд гүнжийг шивэгчин хорлосон гэх мэдээ хүрсэн байх агаад хаан эзэн рүү шивэгчнийг хороо, гүнжийн өшөөг ав хэмээх хэдэн сая өргөх бичиг ирнэ.

Хаанд хамгийн хүнд, хамгийн эргэлзмээр үе тохиож байлаа. Тэр зөв шийдвэр гаргах гэж хичээх боловч бүх зүйл Азэрагын буруу мэт болчхоод байгаа энэ нөхцөл байдалд юу хийхээ үл мэднэ.

Түүнийг олон зүйл тунгаах зуур түүний дотоод хүн аль хэдийн Азэрагын өрөөний гадаа ирүүлсэн байв. Үүдний харуулууд хаан эзэнд ёслоход хаан хальт толгой дохиод дотогш орлоо.

Түүнийг өрөөнд ороход өрөө бараг л харанхуй шахам Азэра орон дээрээ өвдгөө тэврэн сууна. Хааныг орж ирснийг ч үл анзааран бодолд дарагдсан байх аж.

Хаан түүний дэргэд суун гараа дохиход өрөө тэр чигтээ гэрэлтлээ. Өрөө гэрэлтэй болоход л Азэра хааныг анзаарсан бололтой түүн рүү том харна.

Хаан "их уйлжээ, нүд чинь улайчихсан байна"

Азэра "та намайг гүнжид муу зүйл хийсэн гэж бодож байна уу? над шиг ид шид юу ч байхгүй энгийн хүн тийм хүчирхэг гүнжийг яаж тэгж унтуулах юм? тэгээд ч гүнж өөрийн дотоод энергиэ хүртэл надад зориулан намайг эмчилсэн. Бас оргодол барихад ч бас тэр л надад тусалсан шүү дээ. Тийм байхад би яах гэж гүнжийн эсрэг үйлдэл хийх юм?" гэж хэлэхэд дахиад л хоолой нь зангирна.

Хаан үл ялиг инээмсэглээд "оргодол хайхад үнэхээр гүнж тусалсан гэж үү?" хэмээн асуулаа.

Азэра хошуугаа унжуулан толгой дохисоор "т-тийм ээ, биднийг манайд хонодог тэр өдөр гүнжийн шувуу захидал дамжуулсан. Мянган агуйн уулсад байгаа гэж" гэсээр хаанаас харц буруулан доош харлаа.

Хаан "гүнж чамд их сайн ханджээ"

Азэра "тийм ээ, сайн хандсан болохоор л би шивэгчин болсон хувь тавилантайгаа эвлэрч өөрийн ажлаа хичээнгүйлэн хийж чадсан юм"

Хаан "юу болоод байгааг мэдэхгүй ч, та хоёрыг сайхан харилцаатай байгаад баяртай байна" хэмээн инээмсэглэхэд түүний харцнаас гуниг мэдрэгдэнэ.

Тэдний энэ байдлыг эвдэн харуул цэрэг орж ирлээ.

Хаан "юу болоод байна?"

Харуул "г-гүнж ухаан орсон, тэр ухаан орсон" хэмээн амьсгаадсаар хэллээ.

Хаан Азэра хоёр шууд л гүнжийн өрөө рүү гүйв.

========================

Гүнжийн өрөөнд:

Гүнжийн нүд бага зэрэг хөхрөн ядарсан харагдах ч тэр инээмсэглэн сууж байв.

Хаан түүнийг очин чанга тэврээд "юу болоод байгаа юм? ямар их санаа зовсон гээч. Яагаад?? яагаад сэрэхгүй байсан юм?" гээд л ар араас нь асуултаар булна.

Гүнж "мэдэхгүй ээ, өрөөндөө амрах гээд хэвтэж байтал нойр хүрээд байсан, тэгээд л унтаад өгсөн" хэмээн сулхан хэллээ.

Дори "Азэра байсан биз дээ? тэр танд ямар нэг зүйл хийсэн үү? Үнэртүүлэгчийг солихдоо ямар нэг өөр зүйл хийсэн үү?" хэмээн асуухад

Гүнж толгой сэгсрэн "Азэраг орж ирснийг санахгүй байна. Түүнийг орж ирэхээс өмнө унтсан байх" гэх нь тэр.

Хааны санаа одоо л нэг амрах шиг гүнжийг тэвэрсээр чимээгүй сууна. Азэра ч бас нүдэндээ нулимстай тэднийг ширтэх аж.

===========================

Алтан ордон:

Гүнжийн бие дахиж өвдөөгүй харьцангуй тайван байна. Тэгж унтсан шалтгааныг нь олоогүй ч ямар ч байсан сүүлийн сар гарны хугацаанд гүнж хамаагүй тайван байгаа нь хаанд их таатай байлаа.

Түүний анхаарч байгаа асуудал нь Сүүдрийн овгийнхон. Тэд гэнэт гарч ирж, гэнэт алга болоод бас болоогүй зарим нэг тосгон сууринг довтолж алт мөнгө хоол хүнс дээрэмдэх гэм мэт болж бүтэхгүй зүйл хийсэн.

Хаан үүнд арга хэмжээ авах гэж хичээж байгаа ч дорвитой үр дүнд хүрсэнгүй.

Хаан өнөөдрийн чуулганаа дуусгасан тул Сүүдрийн ордон руу явах гэж байв. Өөрийн өргөөндөө өдрийн цайгаа уугаад сууж байтал гүнж Азэрагтай хамт ороод ирэв.

Хаан том харсаар "та хоёр энд юу хийж яваа юм?"

Гүнж "би явлаа"

Хаан "хаашаа??"

Гүнж "миний бие огцом муудаагүй бас хачин зүүд зүүдлэх нь бага байгаа ч гэсэн нэг л сонин байна. Яг л бага багаар ядраад байгаа юм шиг"

Хаан "юу?? тэгээд эртхэн хэлэхгүй яасан юм? анагаагч шидтэн-"

Гүнж "хэрэггүй ээ, би Бодлын ордонд хэсэг амьдармаар байна"

Хаан "Бодлын ордон дэндүү хол"

Гүнж "тийм ээ, хол бас хэний ч гар хүрэхгүй газар. Би тэнд байж өөрийн хүчээ сэргээж тайван баймаар байна. Хэсэгхэн хугацаанд" гээд сулхан инээмсэглэлээ.

Дүүгээ ингэж хэлж байхад хаан татгалзаж чадсангүй.

Хаан "ойлголоо, гэхдээ ордонд очоод чамд үйлчлэх болон хамгаалах тусгай арми, шивэгчид бэлдэж өгнө"

Гүнж толгой дохиод "тэгээ зөвшөөрч байна"

Хаан "хэзээ явах юм?"

Гүнж "маргааш, бас Азэра одооноос танай ордонд байна"

Хаан "яагаад?"

Гүнж "сар гарны хугацаанд та манай ордонд 48 удаа ирсэн. Гэхдээ миний биеийг 3 удаа л асуусан. Ийм байж дүүдээ санаа тавьдаг мундаг ахын дүрд тоглосоор л байх уу? түүнтэй хамт баймаар байгаа бол зүгээр л дэргэдээ ав" гээд гараад явчих нь тэр.

Хаан болон Азэра хэн хэн нь юм дуугарсангүй. Хоёулаа ичсэн байдалтай хоёр бие рүүгээ ширтэнэ. . .

=========================

Азэра-н талаас:

Хааны ордонд нүүж ирээд хоёр хонож байна. Гүнж Бодлын ордон руу өөрийн арми, шивэгчид гээд хэрэгтэй хүмүүсээ аваад явчихсан. Харин би гэдэг хүн хаанд үйлчлэхээр үлдсэн.

Бас Алтан ордон их аюултай газар болохоор шивэгчид, боолуудын байдаг жигүүрт намайг оруулаагүй гэсэн. Одоохондоо би хаантай нэг өрөөнд байна. Хаан өөрийнхөө өрөөнд нэг ор нэмж тавьж өгсөн. Уг нь бол надад тусдаа өрөө гаргаж өгнө гэсэн ч одоогоор гаргаж өгөөгүй л байна.

Магадгүй завгүй байгаа байх. . .

==============================

Оройн хоолоо идчихээд өрөөндөө орж ирээд унтах санаатай орондоо орсон байтал хаан ч ороод ирлээ.

Би "ядарч байна уу? ямар нэг зүйл уух уу?"

Хаан "би зүгээр ээ, харин чи ажлаа дутаа хийгээд байгаа юм биш үү?" гэсээр орондоо орлоо.

Би түүн рүү гайхан том харсаар "ю-юу гэсэн үг юм? би өрөөг чинь үнэхээр сайн цэвэрлэж байгаа. Ахлагч хэлэхдээ намайг энэ өрөөгөө цэвэрлээд-" гэтэл

Хаан үг таслан "өрөө цэвэрлэх талаар яриагүй байна"

Би "т-тэгээд юу юм?" гээд түүн рүү харахад

Хаан дээгүүр харсаар "эзэн хаан чинь бүтэн өдөржин ядарч унатлаа ажиллаад ирж байхад ядаж орыг нь дулаацуулах хэрэгтэй биз дээ? гэтэл амиа хичээгээд өөрийнхөө оронд орсон байгааг нь хараад байгаарай" хэмээн над руу хачин харна.

Би түүний өөдөөс гайхан харсаар "ор дулаацуулах аа? та ямар хөгшин хүн биш дээ, тэгээд ч ордон хангалттай дулаахан байхад" гэхэд

Хаан хөмсөг зангидаад "задарсан амьтан шүү, хурдан ороод ир" гэв.

Би "хаашаа?"

Хаан "өвөрт" гэсээр хөнжлөө сөхлөө.

Яагаад ч юм үнэхээр их ичээд байна. Халуун оргих хацраа дарсаар түүний хөнжилд ороход, Хаан "сайн байна, дараагийн удаа намайг орж ирэхээс өмнө ор дулаацуулсан байгаарай" гэснээ намайг өөр лүүгээ татан тэврэх нь тэр.

Би "э-эрхэм дээдсээ??"

Хаан "Гар хөлөө тавих тухтай зүйл хэрэгтэй байсан юм" гэв.

Би "би ямар тавиур юм уу? дэр ав л даа" гэхэд

Хаан улам чанга тэврээд "хэрэггүй ээ, энэ нь тухтай байна" хэмээлээ. . .

===================

Би "хаантаан гүнжээс захиа ирсэн байна" гээд түүнд өгөхөд

Хаан "юу вэ? төрсөн ах руугаа биш чам руу явуулаад байхдаа яадаг байна аа" гэж үглэсээр захидлыг нээлээ.

Би "үгүй ээ тан руу явуулсан байна лээ. Та эх газар руу явсан байсан болохоор би нээж үзээгүй хадгалж байсан юм. Юу гэж бичсэн байна?" гээд түүн рүү харан зогсох бол хаан надад захидлыг огт харуулсангүй надаас нууж уншсанаа бага зэрэг жуумалзан босоод явчихлаа.

Би "юу гэж бичсэн байна?"

Хаан "сүртэй зүйл биш ээ" гэсэн хирнээ инээмсэглээд л бодвол сайхан мэдээ байсан юм байлгүй.

Түүнийг нуух тусам хармаар санагдаад байсан болохоор хувцсаа солих гээд гарах зуур нь гялс нөгөө захидлыг нээж үзлээ.

Гэтэл "Азэра бол агуйн зэрлэг хүн" гэсэн байв.

Юу вэ? би яахаараа агуйн зэрлэг хүн болчихдог юм???

Уншсан зүйлээ юу ч ойлгохгүй зогсож байтал хаан ороод ирсэн байв.

Хаан "яагаад хүний захидал уншаад байгаа юм?"

Би гомдолтой нь аргагүй хаан руу харсаар "би яахаараа агуйн зэрлэг хүн байдаг юм? би гүнжид тийм зэрлэг харагдаад байдаг юм байх даа? намайг дархчуудын тосгоноос ирсэн гэдгийг нь зэрлэг хүн гээд ойлгочихсон хэрэг үү?" гэж асуухад

Хааны нүүрэнд бүр ч илүү хачирхалтай инээмсэглэл тодрон "үгүй дээ, энэ бол гүнж бид хоёрын л ойлгох зүйл" гэж хэлээд тоосон шинжгүй гараад явчихлаа.

Юу вэ??. . .

=============================

Аль хэдийн хориотой цаг эхэлсэн болохоор унтах санаатай унтлагын даашинзаа өмсөөд зогсож байтал хаан гаднаас ороод ирэв.

Би "с-сайн байна уу? б-биш ээ би завгүй байна" гэхэд

Хаан "хангалттай харчихсан зүйлийг үргэлж л нуух юм" гэснээ над руу ойртон "нэг газар руу хамт явъя"

Би "хаашаа?"

Хаан "очоод мэдээрэй" гээд намайг хөтөлсөөр ордноос гарлаа. Харанхуй шөнө унтлагын даашинзтайгаа бас болоогүй хаанд хөтлүүлчихсэн хаашаа ч гэдэг нь тодорхойгүй газар руу явна.

Миний хувьд хэзээ ч очиж үзээгүй ордны хэсгээр явсаар доош унжиж ургасан мөлхөө ургамлын цаана гартал харц булаам бяцхан цэцэрлэг, бас горхи тэгээд нэг гэрэлтсэн мод.

Би "энэ юун газар вэ?"

Хаан "шидэт мод"

Би "б-бас ямар шидэт бод вэ? нөгөө амь авдаг шидэт жимснээс идсэнээс хойш иймэрхүү гэрэлтдэг мод харахаар айгаад байгаа шүү" гэхэд

Хаан чангаар инээснээ "зүгээр дээ, энэ удаад мод гэрэлтээгүй харин түүний дээр амьдардаг бяцхан шидтэнүүд гэрэлтэж байгаа юм"

Би "шидтэн гэнэ ээ?"

Хаан "тэд хүсэл биелүүлдэг. Энгийн хүмүүс та нарт хүсэж мөрөөддөг олон зүйл байдаг байхаа? тэгээд л чамайг ядаж нэгийг нь ч болов биелүүлээсэй гэж хүссэн юм" гэсээр намайг хөтлөн нөгөө модон дээр очиход үнэхээр жижигхэн хэмжээтэй тэгсэн хирнээ яг л хүмүүс бид нар шиг гэхдээ бяцхан далавчтай тийм шидтэнүүд байх нь тэр.

Би "хөөх, тэд ямар эгдүүтэй юм бэ?"

Хаан " тэднээс нэгийг нь аваад хүслээ хэлээд үз. Тэд зөвхөн энгийн хүмүүсийн хүслийг сонсдог. Харин бидний хувьд бол нүд баясгах хөөрхөн шидтэнүүд. Гүнж бид хоёр багадаа тэдэнтэй тоглодог байсан юм. Энэ бол гүнж бид хоёроос өөр хүн ирдэггүй тусгай газар" гэв.

Би авах үгүйдээ эргэлзэж байгаа нэг шидтэнийг авлаа. Тэр гайхсан янзтай над руу харна.

Би ямар хүсэл хэлэх үү? гэж их бодсон ч хамгийн ихээр бодлыг минь эзэмдсэн нэг хүсэл нь хаанд туслах байлаа.

Чанга хэлээгүй ч "хааны сүүлийн хэдэн сар хайж байгаа тэр Сүүдрийн овог гээч нь баригдаасай" гэж хүслээ шивнэлээ.

Хаан "ямар хүсэл хэлсэн?"

Би "нууц"

Хаан "яахаараа нууц байдаг юм?"

Би "хувийн хүсэл" гэхэд

Хаан над руу муухай харснаа "хувийн, хувийн, хувийн л гэх юм, бүх зүйл нь хувийнх байх юмаа" гээд түрүүлээд алхлаа.

Би түүний араас очин "гэхдээ эрхэм дээдсээ та яагаад гэнэт миний хүслийг биелүүлж, ийм шидэт модыг харуулж байгаа юм? Гүнж та хоёр ирдэг тусгай газар гэсэн биз дээ?" гэхэд

Хаан над руу харан инээмсэглээд "чухал хүн болохоор" гэв.

Би гайхсан даа "юу?" гэж асуухад

Хаан "чи миний хувьд аль хэдийн чухал хүн болсон гэдгийг л албан ёсоор хэлэхийг хүссэн юм" гээд намайг зөөлөн тэвэрлээ.

There are no comments yet. Log in to be the first to leave a review!

Similar stories