Fanfics

3. Хориотой цаг

17:21, 18 December 2019

Түүний хэлснээр усанд орж нөгөө шидэт цэцгээр нь биеэ угаалаа. Үнэрийн хувьд үнэхээр анхилуун сайхан үнэртэй юм. Намайг уснаас гарахад шивэгчин бүсгүйн даашинз бололтой шаргал өнгийн даашинз өглөө.

Нэгэнт л тэнгэрийн хаант улсад ирсэн. Бас миний ямар байхаас шалтгаалж тосгон минь, гэр бүл минь хэр удаан амар тайван амьдрах вэ? гэдэг нь шалтгаалах тул эхнийхээ өдрөөс л ажлаа хичээнгүйлэн хийхээр дотроо шийдвэр гаргалаа.

Уулын дэргэдэх бяцхан тосгонтой минь харьцуулах боломжгүй тэс өөр ертөнц, шаланд нь хүртэл нүүрээ тольдож болохуйц гялалзсан цэвэрхэн ба шалнаасаа эхлээд тааз хүртлээ эрдэнийн чулуу, алт мөнгөөр чимэглэсэн тансаг ордон.

Ордныг алмайран явах зуураа Дорагаас юу хийх ёстойгоо асуулаа. Гэхдээ хариулт нь маш энгийн байсан юм. Зүгээр л цэвэрлэгээ. Яг л газар дээр байдаг баян айлын зарц нар хийдэг шиг ажлууд. Энэ тансаг ордныг хэдэн мянган шивэгчин охид өдөр бүр цэвэрлэнэ. Бас бүгд өөр өөрийн гэсэн бүлэгт хамаарах ба бүлэг бүр цэцгийн нэрээр нэрлэгдсэн өөрсдийн гэсэн амьдрах хэсэгтэй.

Миний орсон бүлэг "Сарнай" бүлэг байв. Мэдээж бэлгэдэл нь улаан сарнай. Бас манай бүлгийн шивэгчид ордны яг төв хэсэг буюу гүнжийн хамгийн их байдаг өрөөнүүдийг цэвэрлэдэг болж таарав.

=======================

Энд ирээд хоёр хонож байна гэвч би одоо ч гүнжийн барааг олж хараагүй. Зүгээр л өглөө босоод ордны шивэгчид юу хийх ёстой түүнийг хийж байгаад л өдөр дуусна. Нэгэн бодлын амар ч юм шиг. Нөгөө талаар сонирхол хөтөлмөөр. Ертөнцийн өнцөг булан бүрээс үзэсгэлэн гоо бүсгүйчүүдийг цуглуулсан атлаа ордон цэвэрлүүлэхээс өөр зүйл хийлгэхгүй байгаа нь язгууртны хэт тансаглал гэх үү, эсвэл түүний цаана өөр зүйл нуугдаж байгаа юу? мэдэхгүй юм.

Одоохондоо би ердөө л шинэ хүн шүү дээ. Энэ том ордны хаана нь ямар аюул нуугдаж байгааг би мэдэхгүй. Бусад охидоос ялгаатай нь би хар багаасаа үнэн гэдэг зүйлтэй нүүр тулаад сурчихсан. Тиймээс бусад охид шиг гялалзсан сайхан бүхэнд автаад байдаггүй.

Энэ ордон хэдий диваажин шиг сайхан байгаа ч үүний цаана ямар нэг таагүй зүйл байгаа гэж мөрийцсөн ч болж байна. Энэ зүгээр л маш том нууцын наана тавьсан гоёмсог хаалт мэт санагдаж байна.

Тэнгэрийн хааныг ямар хүн гэдгийг би хангалттай их сонссон бас түүний хийсэн аймшигтай харгис үйлдлүүдийг ч бүгд мэднэ шүү дээ. Ийм хүний бүтээн босгосон ордон ийм диваажин мэт төгс байгаад нэг л итгэхгүй байна. . .

===========================

Аль хэдийн хоёр гурван удаа орж ирсэн ч гэсэн намайг алмайруулсан хэвээр байдаг уран зураг мэт ордны их танхим.

Танхимыг бүлгийнхээ таван шивэгчний хамт угааж байтал "гүнж ирж байна" гэж биднийг хүндэтгэл үзүүл хэмээн ахлах шивэгчин бидэн санууллаа.

Одоо л нэг гүнжийг харах нь. Мэдээж шууд босож зогсоод ширтээд байж болохгүй болохоор тэргүүнээ гудайлган газарт мөргөсөөр түүнийг угтлаа. Шалан дээр тавьсан гарыг минь гүнжийн даашинзын хормой шүргэхэд зориг гарган толгойгоо бага зэрэг өргөн гүнжийг харав.

Тэр газарт урт чирэгдсэн цэцгэн хээтэй цайвар ягаан даашинз өмссөн байх ба хуримаа хийх гэж байгаа бүсгүй шиг л нүүрээ тэр чигт нь хаасан цэцгэн хатгамалтай торон гивлүүр зүүсэн байлаа.

Хэдий торон гивлүүр боловч гүнжийн царай тийм ч тод харагдсангүй. Бас тэр төв танхимд саатсангүй шууд цаана байх арын цэцэрлэг рүү гаргадаг хаалгыг зорилоо.

Царайг нь харж чадаагүй ч гүнжтэй анх удаа уулзсан минь энэ байлаа. . .

=========================

Өнөөдөр хийх ёстой ажлаа дуусгаж, нэмэлт цэвэрлэгээгээ хийж дуусаад зоогийн танхимд очиж хооллоод бараг дуусаж байтал Дори хүрээд ирлээ.

Дори "Азэра ордонд хэр дасаж байна? дажгүй биз дээ?" хэмээн асуулаа.

Би "тийм ээ аль хэдийн дассан би сайн байгаа хадагтай" гээд хүндэтгэл үзүүлэн бага зэрэг толгой гудайлаа.

Дори "сайн байна. Чиний ажил дууссан бололтой. Чи Алтан ордон руу яваад ирэх хэрэгтэй байна" гэв.

Би мэдээж гайхсан болохоор "Алтан ордон гэнэ ээ? гэхдээ би Сүүдрийн ордноос гарч үзээгүй шүү дээ. Өмнө нь хэзээ ч Тэнгэрийн хаант улсад ирж байгаагүй болохоор яг хаана байдгийг мэдэхгүй юм" хэмээн үнэнээ хэллээ.

Дори "зүгээр дээ чамд туслах байгаа дагаад яв" гэв.

Би мэдээж гайхаж бас эргэлзэж байсан ч түүнийг даган араас нь гарав.

Тэр явсаар ордны баруун талыг цэцэрлэгт хүрээлэнд ирэн цэнхэр өнгийн хилэн ууттай зүйлийг надад өгөөд "үүнийг Алтан ордны шивэгчдийн ахлагчид хүргэж өгөөрэй. Тэр ногоон үстэй, могой шиг нүдтэй махлаг эмэгтэй байгаа. Түүнээс өөр хүнд өгч яасан ч болохгүй шүү. Бас яасан ч нээж үзэж болохгүй" хэмээн санууллаа.

Би "ойлголоо, гэхдээ би Алтан ордон хаана байдгийг мэдэхгүй" гэхэд

Дори "Зүгээр дээ ойрхон байдаг юм. Бас чамд хөтөч байгаа" гэсээр хүзүүндээ зүүсэн чулуу шиг зүйлээ үлээхэд хүчтэй салхи гарч төд удалгүй маш хачин амьтан буугаад ирлээ.

Би гайхсандаа тэсэлгүй "тогос шиг сүүлтэй морь уу? бас далавчгүй байж нисдэг юм байна" хэмээн том харахад

Дори "тэр газарт байдаг морь биш ээ, тэр бол Фигатус. Тэнгэрийн улсын бүх замыг бүх ордон, бүх хотыг мэднэ. Тэр чамайг Алтан ордонд хүргэж өгнө, одоо яваад ир дээ" хэмээн намайг нөгөө амьтан дээр суу хэмээн дохив.

Би мэдээж энэ ид шидийн амьтнаас айж бас болгоомжилж байна. Итгэл муутайхан ойртсоор түүний дэргэд очин дэлийг нь илж үзлээ. Бодож байснаас сайхан ааштай бололтой тэр ширүүн үйлдэл лав хийсэнгүй.

Дори бугуйгаа эргүүлэн гараа гурван удаа дуугарахад түүний бугуйг ороон ямар нэг хээ эсвэл бичиг шиг гэрэлтсэн зүйл гарч ирлээ.

Би мэдээж юу гэдгийг нь ойлгоогүй ч түүнийг ямар нэг заавар хэлэх гэж байгаа байх гэж бодоод чимээгүй зогсоно.

Дори бугуйдаа байгаа нөгөө зүйлээ харан бага зэрэг хөмсөг зангидаад "Хорионы цаг бараг болох гэж байна. Хурдхан Фигатус дээр суу. Дээшээ хар. . . ордны дээр гэрэлтэж байгаа эрдэнийн чулуу алтан ордны дээр ч бас харагдана. Бас чулууны шар туяа нь аажмаар цэнхэр болон хувирах юм бол шууд шөнө болж хорионы цаг эхэлнэ. Хорионы цаг эхлэх юм бол тэнгэрийн зам хүртэл хаагддаг тул чи Алтан ордонд хонохоос өөр аргагүй болно. Алтан ордон залуу үзэсгэлэнтэй охидын хувьд их аюултай газар шүү. Тиймээс аль болох хурдан ирээрэй" гэх нь тэр.

Би "хүлээгээрэй, өмнөх хоногуудад нар мандаж жаргаж байгаагүй билүү? юу болоод байна аа?"

Дори "гэрэл бол Бэкхён хааны хүч, тэр хүссэн үедээ нар мандуулж бас жаргааж чадна. Харин тэнгэрийн улсад бол шөнө өдөр болохыг энэ чулуу зохицуулж байдаг юм. Тэнгэрийн улсын цаг тоолол газрын улсаас тэс өөр. Чи ирээд удаагүй болохоор чулууны хувирлыг ажиглаагүй бололтой. За за өөр ярих зүйл байхгүй хурдан яв" гээд дахин нөгөө хүзүүндээ байсан чулуу шиг зүйлээ үлээхэд нөгөө морь шиг амьтан шууд хөөрчих нь тэр.

Би "хүлээгээрэй, Алтан ордон яг хэний эзэмшил юм бэ?" хэмээн асуусан ч нэгэнт оройтсон байлаа.

Миний хувьд энэ ид шидийн амьтан морь шиг л харагдаад байгаа болохоор би түүнийг морь гэж дуудахаар шийдсэн юм. Морь тэнгэрт хөөрсөн ч мэдээж далавч байхгүй тул тэр яг л газар дээр морь яаж давхидаг уу агаар дээр тэгж давхих ба агаарт хөөрөн хүчээ авсны дараа тогосных шиг сүүл нь дэлгэгдэн түүнийг зална.

Бид хөвөн цагаан үүлс дундуур ниссээр. Би нөгөө чулууг ажигласаар байлаа. Аль хэдийн тал нь цэнхэр, тал нь шар болчихсон байна. Цаг бага байгаа бололтой. Азаар бид тийм ч удаан ниссэнгүй хүрэх газраа ирсэн бололтой диваажин гэмээр гайхалтай тансаг ордны дээрээс бууж байлаа.

Ордны цэцэрлэгт буугаад шивэгчдийн ахлагч нь хаана байдгийг мэдэхгүй болохоор дэмий л нөгөө мориноосоо асуув.

"Шивэгчдийн ахлагч нь хаана байдаг бол? найз минь надад туслаач" хэмээхэд морь намайг ойлгох мэт миний баруун талд байсан ордны хаалга руу намайг түлхлээ.

Би "баярлалаа морио, намайг хүлээж байгаарай би удахгүй ээ" гээд гүйсээр нөгөө хаалга руу орлоо.

Ордонд олон харуул байсан ч тэд хөшөө шиг л огт хөдөлдөггүй юм байна.

"Ахлагчаа, шивэгчдийн ахлагч хаана байдаг вэ?" хэмээн гүйж явсаар ордноор хэр их гүйсэн бүү мэд арай гэж нөгөө дүрслэн хэлсэн эмэгтэй нь оллоо.

Би бага зэрэг амьсгаадсаар "с-сайн байна уу? Дори намайг явууллаа. Танд өгөөрэй гэсэн юм" гээд ууттай зүйлээ түүн рүү барилаа.

Нөгөө ахлагч гээд байгаа эмэгтэй үнэхээр ааш муутай бололтой гараас шүүрэн аваад "явж үз, Алтан ордонд гүйж зүрхэлнэ гэнэ ээ, толгойгүй болмоор байна уу? амьд байхыг хүсэж байгаа бол аятайхан алхаж яваад ордноос гар" хэмээх нь тэр.

Би "ойлголоо, өршөөгөөрэй" гэж бөхийгөөд тэндээс холдлоо.

Яараад гүйгээд байсан болохоор хэр их явж, хэдэн булан тохой эргэснээ мэдсэнгүй. Эргээд гарах гэтэл хаалгаа олдоггүй нэлээд удаан төөрч явлаа.

Ордон дотор нэлээд удаан төөрч явлаа арай гэж гарах хаалгаа олоод гараад иртэл нөгөө Морь гэж нэрлэсэн шинэхэн найз минь байдаггүй бас хамгийн их айж үгүй байлгүй дээ гэж бодох юм минь гадаа одод түгэн харанхуй болсон байв.

Хориотой цаг нь эхэлчихсэн үү?

Ямар ч байсан морио олж авна гэж бодсоор ордны хашаагаар явж байтал саяхан л энгийн хүмүүс зогсож байсан хаалга бүр дээр хагас хүн хагас амьтан гэмээр мангас шиг зүйлс зогсох ба би тэднийг харсан даруйдаа л нуугдах гэж оролдлоо гэвч нэг нь намайг харчих нь тэр.

Би чадлаараа хурдан зугтсан боловч хүн ямаа хоёрын нийлэмж мэт хачин араатан үнэхээр хурдан гүйх юм. Хоромхон зуур л намайг бариад авлаа.

Нөгөө амьтан хүний хэлээр ярих ба "залуухан үзэсгэлэнт цэцэг Алтан ордонд төөрөө юу? хонох дулаан газар хэрэгтэй юу? айх хэрэггүй дээ,би чамайг дулаацуулж чадах юм байна" гэсээр хацрыг минь илбэх үед дотор минь байсан зориг гэх зүйлийг асаачих нь тэр.

Юуны төлөө ухаан орсон цагаасаа тулалдах урлагт бэлдсэн билээ, одоо л өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Хамгийн түрүүнд нүдэнд туссан түүний модон цохиурыг харсан даруйдаа түүнд ойртож байгаа дүр үзүүлэн цохиурыг аваад хамаг хүчээрээ хэд хэд цохиод авлаа.

Цохиур энгийн мод биш агаад түүнийг цохих бүрд бараан ногоон өнгөөр гэрэлтэн мангасыг ийш тийш шидтэл цохино. Мангас ч бас эгэл бус бөгөөд дөнгөж цохиулаад эргээд над руу дайрна. Энэ мэтээр бидний дунд хүч шаардсан хүндхэн тулаан болоод арай гэж мангас газарт унав.

Би "юу гээч би цэцэг биш бас ямар нэг ямаа намайг айлгах болоогүй" гэж хэлэхтэй зэрэгцэн

"Наадах чинь ямаа биш" гэх хэн нэгний дуугаар нэлээд цочин эргэж харвал тэнгэрийн хаан зогсож байх нь тэр.

Нүд минь орой дээрээ гарах шахан "х-х-хаантаан та энд юу хийж байгаа юм?" хэмээн сандарсандаа асууж орхив.

Гэтэл хаан яг над шиг байж боломгүй зүйл болсон мэт маш ихээр гайхан "бурхан минь гэж би өөрийнхөө ордонд юу хийж байгаа юм болоо?" гэсээр нүдээ томруулан амаа дарснаа огцом царай нь өөрчлөгдөн "ингэх ёстой байсан уу? өөрийнхөө ордонд байгаа минь тийм гайхмаар байна уу?" гэх нь тэр. . .

There are no comments yet. Log in to be the first to leave a review!

Similar stories