Fanfics

1. Тэнгэрийн хаан

15:56, 17 December 2019

Саран авхай бүүдгэрхэн гэрлээ тусгасаар тэнгэрийн мандалд эзэн суухад, уулын бэлийн бяцхан тосгонд их ажлын ард гарсан хүн бүр гэр гэртээ харин тосгоны нарийн гудамжаар хүн үгүй намуухан болсон байв.

Жижиг дүнзэн байшингуудын цонхоор лааны бүдэг гэрэл тусах нь уулын бэлд шүр сувд асгарсан мэт чамин харагдах аж.

Жижигхэн тосгоны эгэл даруухан амьдрал. Энгийн нэгэн ажлын өдөр дуусаж байгаа нь энэ. Тосгоны бусад байшингуудыг бодоход арай зайдуу ойн модтой ойрхон байрласан модон байшинд уг тосгоны захирагч Калл амьдардаг аж.

Дөнгөж дэлбээгээ нээж буй цэцэг шиг үзэсгэлэн гоо төгөлдөр гурван охинтой тэрээр энэ ертөнцийн хамгийн жаргалтай нэгэн. Хамгийн том охин Азэра нь хорин нас хүрсэн ч түүний хувьд бяцхан охин хэвээрээ. Харин хоёр ихэр охид нь дөнгөж найман настай. Тэднийг Мэли Кэли гэнэ.

Бяцхан тосгоны захирагчаас эхлээд муж аймаг, улсын захирагчид бүгд удам залгах хүү мөрөөддөг. Гэвч Каллын хувьд хайртай гурван охин нь түүний амьдралд юунаас ч илүү үнэтэй. Тэднийгээ хэзээ ч удам залгах хүү байсан бол гэж бодож үзээгүй харин ч бурхан өөрөө тусгайлан урлаж өгсөн гэмээр дэндүү үзэсгэлэнтэй охид байгаад нь хамгаас их баярладаг билээ.

=================

Мэли "ааваа, ааваа үлгэр"

Кэли "тийм шүү үлгэр ярьж өгөхгүй бол унтахгүй" хэмээн гараа урдаа тэврэн чухал царай гаргалаа.

Уул шиг том биетэй баатар эр бяцхан охидынхоо дэргэд байхдаа хайлж урсах мэт л болдог. Нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсаар хоёр охиныхоо голд тухлан суугаад "эрт урьдын цагт маш өгөөмөр хүчирхэг хаан байж гэнэ. . . " гэсээр үлгэрийн цаг эхэллээ.

Бяцхан охид ч аавынхаа ярих үлгэрт байдгаараа анхааран хоёр талд нь налан сууна. Бас хааяа нэг эвшээн нүд нь талимаарах нь тэднийг төд удалгүй зүүдний ертөнцөд аялах гэж байгааг илтгэнэ.

Үүнийг анзаарсан аав нь дуугаа улам бүр намуухан болгон үгээ удаанаар зөөн ярьсаар хоёр охиноо унтуулж дөнгөв. Бяцхан охидоо доош хэвтүүлэн хөнжлийг нь нөмөргөөд тэднийгээ сэрээхгүй гэсэндээ өлмий дээрээ зөөлөн алхсаар өрөөнөөс нь гарлаа.

Түүнийг өрөөнөөс гарахад том охин Азэра нь зогсож байх нь тэр.

Калл нэг том харснаа "яасан бэ миний охин ч бас үлгэр сонсмоор байна уу?" гэж зөөлөн дуугаар хэлэхэд

Азэра дээгүүр харсаар "боль доо ааваа минь би одоо хорин настай" хэмээн үл ялиг инээвхийлэв.

Калл "тэгсэн ч гэсэн чи миний хувьд бяцхан хэвээрээ" гэхэд

Азэра "та яагаад тэдэнд худлаа хэлж байгаа юм?" гэж асуулаа.

Калл бага зэрэг гайхсан янзтай охин руугаа хараад "хэн? би юу?" гэж асууваас

Азэра "тийм ээ, сая ярьж өгсөн үлгэр чинь Бэкхён хааны тухай биз дээ? гэхдээ тэр үлгэр дээр гардаг шиг сайн хүн биш. Харин ч хамгийн аймшигтай нэгэн биш гэж үү?" хэмээн тоомжиргүй хэлэв.

Каллын нүд бага зэрэг айдастай эргэлдэх ба охиныхоо уруул дээр хуруугаа тавиад "тэнгэрийн хааныг хамаагүй тэгж хэлж болохгүй. Түүний нүд чих хаа сайгүй байдаг юм. Тэгээд ч тэр эзэн хаан. Бид түүнийг шүүх эрх байхгүй"

Азэра "гэхдээ яагаад хэн ч түүний өөдөөс үг дуугарч чаддаггүй юм бэ? тэр чинь өөрөө хязгааргүй их хүчтэй эгэлгүй нэгэн биш гэж үү? тийм байж яагаад эгэл бидэнд эзэн сууна вэ? бидэнтэй бидэн гүй түүнд захирагдах, өлмийнд нь сөхрөх хэдэн сая эгэл бус төрөлтөн байгаа биш гэж үү?"

Калл "миний охин тэгж хэлж болохгүй. Эзэн байхад угсаа гарал хамаатай боловч боол байхад угсаа гарал хамаагүй. Хүчтэй нь хүчгүйдээ эзэн суудаг нь хорвоогийн ёс. Амар амгалан амьд явна гэдэг хамгийн том тэвчээр, хамгийн том зориг байдаг юм"

Азэра "тэр чинь мангас, тийм байтал бид мангасаас хэрхэн болгоомжлох тухай хүүхдүүддээ зааж өгөх ёстой. Түүнээс биш тэр мангасыг хорвоо ертөнцийн хамгийн сайн хүн шиг худлаа үлгэр ярих биш"

Калл "цаг нь болохоор тэд бүгдийг ойлгох болно. Ядаж л хүүхэд нас нь гэгээлэг тайван байгаасай гэж хүсэж байна" хэмээн хөнгөн санаа алдлаа.

Азэра "хүмүүс бидэнд ид шидийн хүч байхгүй ч бид бүгдийг хийж бүтээж чаддаг. Тийм болохоор л шуналтай хаан биднийг боолчилж байгаа хэрэг. Тэр хаан тэнгэртээ л байдаг юм байгаа биз. Газарт байдаг бидэнд түүний асуудал хамаагүй. Заавал хий гэсэн бүгдийг нь хийх албагүй"

Калл охиноо тэврээд "тэнэгхэн минь дээ, уур омог чинь хүрч байгааг мэдэж байна. Гэхдээ энгийн хүмүүс бид эгэлгүй хүчтэй төрлүүдээс ялгаатай нь ямар ч зовлон бэрхшээлийг давж тэр дундаасаа ч аз жаргалыг олж чаддаг юм шүү дээ. Тэнгэрийн хааны даалгасан ажил бидэнд юу ч биш дээ, бид хааны ажлыг ч хийгээд өөрсдөө ч сайхан амьдарч чадна. Хамгийн том аз жаргал чинь эрүүл саруул хамт байх юм шүү дээ"

Азэра "гэхдээ л надад өдрийн цагаар амс хийх завгүй ажиллаж байгаа тосгоны иргэд минь өрөвдөлтэй байна. Би тэдний төлөө ямар нэг зүйл хийж чаддаг ч байсан болоосой" гэсээр аавынхаа энгэрт наалдана.

Калл "зүгээр дээ, чи минь гайхалтай охин шүү дээ. Чамд минь хийж чадах зүйл маш их байгаа. Өөртөө итгэхэд л хангалттай"

=============================

Дахин нэг ажлын өдөр эхэлж тосгоны иргэд амс хийх завгүй их ажилдаа орсон байв. Азэра өглөө эртлэн босож өглөө бүр хийдэг тулааны бэлтгэлээ хийж дуусаад өөрийн хийдэг ажил руугаа ханцуй шамлан оров.

Хамт ажилладаг охид нь үргэлж л ярьж байдаг хов живээ базаж хааяа хааяа тас тас инээнэ.

"Нээрээ хажуу тосгоны Кики саяхан тэнгэрийн хааны таалалд нийцсэн гэсэн шүү. Түүнийг тэнгэрийн хаант улс руу авч явахдаа авдар авдраар нь үнэт эрдэнэс өгсөн гэсэн"

"хөөх ямар атаархмаар юм бэ"

"Тэнгэрийн хааны таалалд биш юмаа гэхэд ядаж л өдөр бүр ажил хийлгээд байхгүй баян хүний гэргий болчих юмсан"

"Тэнгэрийн хаан сар бүр ордондоо шинэ охидыг аваачдаг гэсэн шүү. Тэнгэрийн улсад хааны татвар эмс байдаг тусдаа аварга том ордон хүртэл байдаг гэсэн шүү"

"тийм олон татвартай байж нэгийг нь ч хатанд өргөмжилдөггүй гэсэн"

"Миний сонссоноор бол хаан өөрийн дүүдээ хайр сэтгэлтэй тийм болохоор хатан авдаггүй гэсэн"

"бурхан минь гэж тэд чинь ихэр ах дүүс биз дээ?"

"Эгэл бус төрөлтөн өөрсдийн ах эгчтэйгээ ч гэрлэж болдог гэсэн"

"байж боломгүй юм"

"гэхдээ л тэнгэрийн хааны татвар болчих юм бол үхэн үхтлээ жаргаж байна гэсэн үг шүү дээ"

Энэ бүхнийг сонсож тэвчээгүй Азэра "больж үз, тэр араатны дэргэд очих юу нь сайхан гэж? тэр бол энэ ертөнцийн хамгийн аймшигтай хүн. Ихэр дүүгээ хүртэл ордноосоо гаргахгүй хорьдог гэсэн биз дээ? тийм хүнд хайр гэж байх уу? харин ч түүний савраас холхон амьдарч байгаадаа баярлах хэрэгтэй. Тэнгэрийн улс руу олон охид авч явдаг ч тэднийг аз жаргалтай байдаг гэсэн баталгаа байхгүй биз дээ? юу ч болдог юм хэн мэдлээ" хэмээн хэлэхэд

Ам булаацалдан ярьж байсан охид нэлээд дургүй байгаа бололтой муухай харсаар хийж байсан ажлаа үргэлжлүүлэн хийнэ.

Дүрэлзэн асах гал мэт дээрээс төөнөж байсан нар хормын дотор алга болж жижигхэн тосгоныг сүүдэр бүрхлээ.

Ажил өрнөн амс хийх завгүй байсан тосгоны иргэд нэгэн зэрэг тэнгэр өөд ширтэхэд энэ сүүдэр хэний ч айдсыг түрүүлдэг тэр хүний сүүдэр аж. Тэнгэрт нарыг хүртэл халхлах мэт үй олноороо нисэх лууны сүрэг энэ бол тэнгэрийн хааны арми.

Тэнгэрт үзэгдэх армийг харсан даруйдаа хүн бүр битгий ирээсэй хэмээн дотроо залбирна. Хүсэхээр хясна гэдэг шиг төд удалгүй луу хөлөглөсөн хэдэн зуун цэрэг тэнгэрийн хааны хамт тосгоны баруун урд буух нь тэр.

Амьсгаатай бүхэн зүрх нь зогсчих шахан айдас шаналал мэдэрч байв. Ойр дотно гэр бүлийн хүмүүсээ хайж очин яг л тэдний амьдралын сүүлийн мөч мэт айдаст автсан байдалтай зогсоно.

Хаан болон түүний цэргүүд тайван алхсаар тосгоны төвд орж ирэхэд бүх хүмүүс тэргүүнээ газарт хүргэн түүний өлмийнд мөргөн угтав.

Бэкхён "бурхдын зэвсгийг ч урладаг гэгдэх алтан гартай дархчуудын тосгон Казитон. Бодож байснаас минь их энгийн юм гээч" хэмээн чанга инээсээр тэдний дундуур алхана.

Хэдий айдас дүүрэн байх боловч тосгоны удирдагчийн хувьд Калл түрүүлэн ам нээх агаад тэргүүнээ үл ялиг дээш өргөөд "эрхэм дээд тэнгэрийн хаан минь өчүүхэн бидний тосгонд ямар хэргээр морилов?" хэмээн асуухад

Бэкхён "аан чи тосгоны ахлагч байх нь. Калл байхаа? дээшээ бос" хэмээн найрсаг гэхээс илүү айдас төрүүлэм хоолойгоор хэлэв.

Калл аажуухан дээш босоод "т-тийм ээ эрхэм дээдсээ. Мөхөс би тосгоны ахлагч байна" гэж хэлэхэд

Бэкхён "намайг ямар хэргээр ирсэн тухай асуусан байхаа? удирдагч Калл! таныг тэнгэр газар тэр ч бүү хэл усны ертөнцөд ч байхгүй хосгүй гоо зүс царайтай охинтой хэмээн сонслоо. Бас тэр аль хэдийн насанд хүрсэн байхаа? талын дайчин эрсээс эхлээд, усан ертөнцөд хүртэл таны охины талаар ам дамжин яригддаг болсон гэнэ. Тийм үзэсгэлэнтэй охинтой байж эзэн хаанаасаа нуух чинь уучилж болшгүй том ял гэдгийг мэдэх үү? үзэсгэлэнт цэцэгс хааны ордонд байх ёстойг эрх биш та мэдэх байлгүй дээ. Охиныг чинь авах гэж ирлээ" гэх нь тэр. . .

21.6К1.1К0

There are no comments yet. Log in to be the first to leave a review!

Similar stories